Tuesday, March 25, 2014

Posted by Unknown On 8:17 AM

Санаа зоволтоо багасгах зөвлөгөө
Яг одоо санааг тань зовоож байгаа зүйл байна уу? Арай санаа зовох зуршилтай болчихсон юм биш биз. Байнга юманд санаа зовдог хүмүүс стресс орж, биеийн дархлаа сулардаг. Дээр нь эрч хүч буурч, амьдралын сайн сайхныг анзаарахгүй өнгөрч ч мэднэ. Тэгвэл санаа зоволтоо багасгах зөвлөмжийг хүргэе.
1.    Ирээдүйдээ итгэ. Бидний санааг зовоож буй асуудлын 99% нь хэзээ ч болоогүй асуудалууд байдгийг юун түрүүнд санах хэрэгтэй. Иймд ирээдүйд яаж шийдэгдэх нь тодорхойгүй, бүр болох ч үгүй асуудалуудыг хэт их бодох хэрэггүй. Ингэснээр өөрийгөө ядрааж аливаа зүйлийг хийх эрч хүчгүй болгохоос сэргийлж буйг санаарай. Бид ямар нэг зүйлд санаа зовж байгаа үедээ маш их ядардаг. Үүнээс сэргийлэхийн тулд хангалттай нойр авч байх хэрэгтэй. 
2.    Өнгөрсөнийг хүлээн зөвшөөр. Өнгөрсөнийг бодож цаг болоод эрч хүчээ дэмий үрэх хэрэггүй. Болоод өнгөрсөн зүйл бол болоод л өнгөрсөн зүйл. Үртэс болсон модыг хөрөөдөж болдоггүйтэй адил бид өнгөрсөн зүйлийг өөрчилж чадахгүй. Үүнийг л хүлээн зөвшөөр. Тэгвэл бодит байдалтай эвлэрэхэд амар байх бөгөөд дэмий шаналж суух биш асуудлын гарцыг хайх хэрэгтэй. 
3.    Зохион байгуулалттай бай. Нэг удаад олон зүйлийг шийдвэрлэх боломжгүйг та өөрөө ч мэдэж байгаа. Зүгээр л жаахан зохион байгуулалттай ажиллаарай. Санааг тань зовоогоод байгаа зүйлийн талаар цаг гарган бодоод үз. Орой бүр унтахын өмнө "бодох цаг”-тай болж болно. Ингэж тогтмол цаг гаргаснаар үр дүнтэй шийд гаргаж, санаа зовох нь багасана. Та туршаад үзээрэй.
Хэрвээ энэ зөвлөгөөг хэрэгжүүлэхээр шийдсэн бол энд, одоо эхлээрэй. Бүх анхаарал тань төвлөрч, таатай нөхцөл нь бүрдсэн, эрч хүчтэйгээр өөртөө шинэчлэл хийх хэзээ ч юм мэдэгдэхгүй тэр өдрийг хүлээх хэрэггүй. 
Бэлтгэсэн: Д.Лхамсүрэн

0 comments:

Post a Comment