Thursday, March 27, 2014

Posted by Unknown On 8:01 AM

Сэтгэл зүйн үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд
Монгол улсад сэтгэл судлаач бэлтгэж эхэлсний 20 жилийг ойг бид өнгөрөгч 3 дугаар сард тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Энэ нь нийгмийн "эмч” болсон сэтгэл судлаач мэргэжилтний баяр байснаас гадна ахмад үе маань туршлагаа таниулж одоогийн мэргэжилтнүүдийг сэдэлжүүлж, сууриа сайтар бэлтгэж ирснийг харуулсан нэгэн чухал үйл явдал болсон билээ. Практик сэтгэл судлаачид нийгэмд үйлчилж эхэлснээр сэтгэл судлалын шинжлэх ухааны цар хүрээ өргөжин тэлж нийгэмийн сэтгэхүй энэ үйл явцыг хүлээн авахад бэлэн болжээ.
Сэтгэл судлалын шинжлэх ухааны хэрэглээг өдөр тутамдаа ойлгож түүний ололтоос ашиглах хандлага ч салбарт бүрт ажиглагдаж байна. Шинэ тутам үйлчилгээ гэж ойлгодог байсан эрэлтийг хэрэглээ болгох үүднээс бэлтгэгдэн гарсан мэргэжилтнүүд, төрийн (нэг, хоёрдугаар шатлалын эмнэлэг, хууль, шүүх, цэрэг, цагдаа) болон төрийн бус байгууллага (сэтгэл зүйн төвүүд, олон улсын төсөл хөтөлбөр), хувийн хэвшил, бизнесийн байгууллага, боловсролын салбарт (их дээд сургууль)амжилттай ажиллаж байна. Сэтгэл судлаачдын хийх ажил бүтээх зүйл их байгаа бөгөөд эдгээрийг дараах хэсэгт ангилж болохоор байна.
БИДНИЙ ДАВУУ ТАЛУУД
  • Чадвахижсан сэтгэл судлаачид бий болсон,
  • Мэдээ мэдээллэл нээлттэй болж мэдлэг туршлагаа хуваалцах боломж нэмэгдсэн,
  • Практик сэтгэл судлалын салбар сууриа тавьж хөгжлийн гольдролдоо орж байна.
БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД
  • Сэтгэл судлаачийн ажиллах эрх зүйн орчин, суурь бий болгоогүй, мэргэжлийн алсын хараа бий болоогүй,
  • Мэргэжлийн суурь бэлтгэл ба ёс зүйн кодыг баримтлан ажиллах нөхцөл байдал бүрэлдээгүй,
  • Мэргэших боломж, талбар дутагдалтай,
  • Мэргэжлийн орон зай ба үнэ цэнэ алдагдах хандлага,
  • Мэргэжилтнүүдийн нэгдэл, хамтын ажиллагаа,
  • Мэргэжилтнүүдийн холбоо харилцаа идэвхитэй, тогтмол бус,
  • Сэтгэл зүйн үйлчилгээний стандарт тогтоогүй, түүнийг хянах, үнэлэх механизм байхгүй,
  • Мэргэжлийн бус хүмүүсийн сөрөг нөлөөний идэвхжил их зэрэг байна.
ХАМТРАН ХИЙХ ЗҮЙЛС, САНАЛ
  • Сэтгэл судлаачид, мэргэжилтэн бэлтгэж буй сургуулиуд, сэтгэл зүйн төвүүдийн нэгдсэн мэдээллийн сантай болох, байнгын хэрэглээнд оруулах,
  • Ажиллах эрх зүйн орчин бий болгож сайжруулах,
  • Мэргэжлийн холбоо, нийгэмлэг жинхэнэ утгаар ажиллах,
  • Мэргэжилтэн бэлтгэх өргөн цар хүрээтэй бодлоготой болох,
  • Салбарт бүрт мэргэшин ажиллах боломжийг бий болгох,
  • Нийгэмд сэтгэл судлалын ач холбогдлыг таниулах нөлөөллийн ажлуудыг цогцоор тууштай явуулах хэрэгцээ шаардлага бидний өмнө нэгэнт тулгарсан байна.
Сэтгэл судлалын шинжлэх ухааны салбарлаагүй салбар хэсэг гэж үгүй боловч манай улсын хувьд үйл ажиллагаагаа өргөн далайцтайгаар хүртээмжтэй явуулах механизм бүрэн бүрдээгүйгээс нийгмийн хэсэг бүрт хүрч ажиллаж чадахгүй байна. Тиймээс мэргэжилтнүүд өөрийн ажиллаж буй талбартаа амжилт гаргахаас гадна салбар салбараараа хамтран ажиллаж, өөрсдийн үзэл бодол, мэргэжлийн үнэ цэнээ нийгэмдээ алхам тутамдаа таниулах, ажиллах эрх зүйн орчноо сайжруулах тал дээр анхаарал тавих хэрэгтэй болжээ. Ямар нэг зүйлийг өөрчлөх хүч хүний өөрийн дотор байхаас гадна байдаггүй. Тиймээс мэргэжилдээ үнэнч байж ахмад эрдэмтэн судлаачдаасаа суралцаж, өөрсдийн мэдлэг, ур чадвараа харуулах цаг болжээ.
                Сэтгэл судлаач Б.Ууганцэцэг

0 comments:

Post a Comment