1. Эцэг эхчүүдийн хувьд хүүхэдтэйгээ харилцахдаа гаргадаг нийтлэг алдаа нь юу вэ? Ялангуяа 12-16 насны хүүхдүүдийн эцэг эхчүүдийн хувьд?
Хүүхэд бүр өөрийн гэсэн сонирхолтой, хүсэл мөрөөдөлтэй, авъяас чадвартай бөгөөд ирээдүйд өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой бие хүмүүс болдог. Эцэг эхчүүдийн хувьд, хүүхэд биднээс ангид орших хувь хүн гэдгийг бодож үздэггүйгээс алдаа гаргах явдал цөөнгүй. Тодруулбал, миний хүүхэд, миний үгээр байх ёстой эсвэл ирээдүйд аав, ээжтэйгээ адилхан болно гэж төсөөлдөг. Үүнээс үүдээд хүүхдээ хэт халамжлах эсвэл хатуу гараар хүмүүжүүлэх гэсэн арга барилуудаас сонгодог. Мөн хүүхдээ үл ойшоох, шаардлагатай үед нь дэмжлэг үзүүлэхгүй байх зэргээр алдаа гаргах явдал тохиолддог. Өсвөр насны хүүхдүүдтэй эцэг эхчүүд хүүхдийнхээ үзэл бодлыг үл ойшоож, няцаах, хүсээгүй байхад нь халамж анхаарал тавих, хувийн нууцад нь нэвтрэх, халдах зэргээр алдах нь бий. Иймээс дээрхи зүйлсийн харган үзэхийг хичээгээрэй.
2. Ер нь энэ насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог ямар байдаг вэ?
Энэ насны хүүхдүүдийн хамгийн гол онцлог сэтгэл хөдлөл ихтэй болж, сэтгэл санааны байдал огцом өөрчлөгдөн, том хүн болж байна гэсэн мэдрэмж хүчтэй бий болно. "Би хэн бэ?” гэдгээ мэдэхийг хүсч, ёс суртахууны шинж, аливаад хандах хандлага харьцангуй тогтворжиж, өөрийгөө хөгжүүлэх зорилго чиглэлтэй болдог. Бие даан шийдвэр гаргаж, өөрөө сонголт хийхийг илүүд үзэж, эцэг эхтэйгээ өөрийн асуудлаа ярилцах нь багасаж, найз нөхдийн харилцаа зонхилдог, гаргаж буй шийдвэрийг өөрөө эсвэл найз нартайгаа хуваалцаж гаргадаг онцлогтой.
3. Зарим эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ маргалдах, үл ойлголцох явдал цөөнгүй ажиглагддаг. Тэгэхээр ямар шалтгаанаар эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ маргалддаг вэ? Насны онцлогийг нь эцэг эхчүүд сайтар ойшоохгүй байдагтай холбоотой гэж зарим сэтгэл судлаач үзсэн байдаг.
Өсвөр насныхан уур бухимдлаа илэрхийлэхдээ түрэмгий авирлах, томчуудыг эсэргүүцэх, хэрэг төвөгт орооцолдох магадлал өсдөг. Гэсэн хэдий ч зөрчил, маргаанд хоёр талын хэн хэн нь хариуцлага хүлээх ёстой. Нэг талаас эцэг эхчүүд хүүхдээсээ хэлэхийг хүсэхгүй байгаа зүйлийг нь асууж шалгаах, шаардах, хувийн эд зүйлсийг шалгах зэргээр хүсээгүй халамж анхаарал тавьж, хувийн орон зайнд нь "халддаг”. Нөгөө талаас хүүхдийн төлөвшил, хандлага, сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдал нь үл ойлголцол, маргааны суурь болдог.
4. Энэхүү маргааныг зөвөөр шийдвэрлэхэд хэн нь юун дээр анхаарах ёстой вэ?
Хүүхдүүдийн хувьд ч, эцэг эхчүүдийн хувьд ч хэн хэнийхээ байр суурин дээр өөрсдийгөө тавьж үзэж, ойлголцох нь чухал. Маргалдаад үр дүнд хүрэхгүй, ялангуяа эцэг эхчүүд маргаанд ялж хүүхдээ өөрийн хүссэнээр байлгах нь сайн үр дүнд хүрэхгүй гэдгийг анхаарахад илүүдэхгүй. Хэрвээ хүүхдээ хариуцлага хүлээх чадвартай, амьдралд тулгардаг бэрхшээлд өвдөг сөхрөхгүй тэвчээртэй хүн болоосой л гэж хүсэж байгаа бол эхлээд өөрөө тэвчээртэй байж, үлгэр дууриалал үзүүлээрэй. Хүү эсвэл охинтойгоо ярилцах тохиромжтой нөхцлийг хүлээхгүйгээр харилцах, ярилцах цаг зав гаргаарай. Ярилцах явцдаа том хүн болж байгааг нь ойлгож байна, тиймээс асуудлыг тайвнаар ярилцаж шийдэх хүсэлтэй байгаагаа хэлээд ярилцах нь илүү үр дүнтэй.
5. Энэ насны хүүхдийн сэтгэл зүйд сөрөгөөр нөлөөлдөг хүчин зүйлс юу вэ?
Хүүхдийн сэтгэл зүйн онцлог бүрэлдэхэд, өссөн орчин, гэр бүлийн харилцаа, найз нөхөд, сургуулийн орчин, хүрээлэлээс хамааран янз бүрийн хүчин зүйлсүүд харилцан адилгүй нөлөөлдөг. Тэр дундаа насанд хүрэгчдийн түрэмгий харилцаа, гэр бүлийн тааламжгүй уур амьсгал, таагүй үйл явдал зэрэг нь хүүхдийн сэтгэл санааны байдал, харилцаанд сөргөөр нөлөөлж цаашлаад сөрөг зуршил, хандлага бий болгож болзошгүй. Нөхөрлөж байгаа хүүхдүүдийн харилцаа нь үүний бас нэгэн шалтгаан болж өгдөг гэж сэтгэл судлаачид тодорхойлдог.
6. Эдгээр хүчин зүйлсийг арилгахын тулд эцэг эхийн зүгээс юу юун дээр анхаарвал зохих вэ?
Нэгдүгээрт, хүүхдийн сонирхол, чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байгаа, найз нөхдийнх талаар мэддэг байвал зүгээр. Энэ нь та хүүхэддээ итгэлтэй байх, цаашид элдэв муу зүйлд өртөж болзошгүй байна уу гэдгийг урьдчилан харахад тусална. Хоёрдугаарт, гэр бүлийн уур амьсгал, эхнэр нөхрийн хоорондын харилцаанд анхаарах хэрэгтэй. Жишээ нь, таны хүүхэд мэдрэмтгий, сэтгэлээр амархан унадаг бол гэр бүлийн таагүй уур амьсгал сэтгэл санааны дарамтанд оруулж болзошгүй. Гуравдугаарт, тусламж хэрэгтэй үед нь хэзээд бэлэн байх хэрэгтэй, үүнийгээ ч өөрт ойлгуулах, ухааруулах, багаас нь энэ дадалд сургасан байхад өсвөр насан дээрээ эрсдэлд бага өртдөг.
7. Энэ насны хүүхдүүдийн гол төлөв сонирхдог зүйл нь юу байдаг вэ?
Бие махбодь, физиологийн болон сэтгэл зүйд гарсан өөрчлөлтүүдээс нь шалтгаалан эсрэг хүйстэнтэйгээ харилцах болон үерхэл нөхөрлөл тэдний сонирхлыг татдаг. Тэднийг энэ үед нь хэт хорих, цагдах, харилцааг нь үгүйсгэхэд дургүй байдаг. Харин хобби, хувийн сонирхлын тухайд тогтворгүй байдаг ч гаднаас хүлээн авч буй мэдээллийн хүрээнээс хамааран сонирхол нь өргөн цар хүрээг хамрах боломжтой болсон байдаг. Үүнийг насанд хүрэгчид сайтар анхааран авьяас чадварыг нь хөгжүүлэх, нээн илрүүлэх нэгэн том гарц нээгдсэн байдаг тул сонирхлыг нь дэмжиж, ярилцаж байгаарай.
8. Энэ насны хүүхдүүдийн эцэг эхийн гол үүрэг юу вэ?
Гол үүрэг нь сайн найз байх. Өөрөөр хэлбэл эцэг эхийн халамжлах, бүхнийг шийдэх, өөрийн үгээр байлгах гэдэг хандлагаа түр хойш тавих хэрэгтэй. Харин амьдралын янз бүрийн асуудлын талаар ярилцаж, хүлээцтэй хандах, үзэл бодлыг нь сонсож, асуудлаа шийдэхэд нь дэмжлэг үзүүлэх нь хүүхдэд өөртөө итгэх итгэл бий болгож, эцэг эх хүүхдийн харилцаанд ч эерэг уур амьсгалыг бий болгоно.
9. Өнөөдөр манайд өсвөр насны хүүхдүүд хэрэг төвөгт орооцолдох, архи, тамхи хэрэглэх явдал ихсэх хандлагатай байгаа. Үүний сэтгэл зүйн шалтгаан юу вэ? Ямар учраас хүүхдүүд ийм байдалд хүрч байна вэ?
Өсвөр насны хүүхдүүдийн сөрөг зуршилтай болох, хэрэг төвөгт орооцолдох болсон нь нийгмийн сөрөг үзэгдэл болж байгааг хэн бүхэн мэдэж байгаа. Ёс суртахуун, үнэт зүйлийн баримжаалалгүй болсноос хүүхдийн дэргэд архи, тамхийг хэрэглэх нь хэвийн зүйл болсон мэт. Өөрөөр хэлбэл өнөөгийн нийгмийн хөгжил, үйл явц нь хүүхдийн нас, хандлагад нөлөөлж байгаа юм. Мөн дээр дурьдсан том хүн шиг байх гэсэн эрмэлзлэл эдгээр сөрөг зүйлст татагдах шалтгаан болдог. Мэдээж нийгмийн анхдагч нэгж гэр бүлийн уур амьсгал, гишүүдийн харилцаа ч энэ бүхэнд нөлөөлнө.
10. Үүнийг багасгах, таслан зогсоох арга хэмжээ авахад эцэг эхчүүдийн зүгээс ямар үүрэг роль хэрэгтэй вэ?
Хамгийн түрүүнд өөрийн хүүдээ эсвэл охиндоо итгэх, тэгээд найз нөхдийн үүднээс ярилцах. Тэдэндээ итгэснээр буруутгах, зэмлэх гэж яарахгүй байх боломжийг эцэг эхчүүдэд өгнө. Дараа нь "тэдгээр сөрөг зуршлууд ямар үр дүнд хүргэж болох вэ?” гэдэг талаар харилцан ярилцах хэрэгтэй. Мэдээж хэрэг эцэг эх өөрсдөө ч бас үлгэр дууриалал нь гэдгээ санах хэрэгтэй.
11. Эцэг эхчүүд хүүхдийн дэргэд бие биетэйгээ харилцахдаа үг хэллэгээ анхаарах нь ямар ач холбогдолтой вэ?
Аав ээжийнх хоорондын харилцаа хүүхдийн хувьд хэн нэгэн хүнтэй харилцахдаа яах ёстойг мэдэж болох "хамгийн зузаан гарын авлага” байдаг. "Аав ээжийг цохиж байгаа юм чинь би ч бас ээжийгээ цохиж болох юм байна”, "Ээж аавыг загнаж байгаа юм чинь би ч бас аавыгаа загнаж болох юм байна”, "Ирээдүйд надад ийм асуудал тохиолдвол би ингэж шийдэж болох юм байна” гээд хүүхдийн ой тойнд нь хадгалагддаг. Тэгээд ижил төстэй асуудал тулгарвал өөрийн өмнө нь олж авсан туршлагаа ашиглаад хүчээр шийдэх гэдэг. Эцэг эхчүүд хүүхдийнхээ дэргэд үг хэллэгээ анхаарсанаар түүнийхээ ирээдүйнд тусалж байгаа явдал юм.
Бэлтгэсэн Н.Должин
0 comments:
Post a Comment